tsag

0006

Thursday, March 6, 2014

монгол хэлний зөв бичгийн дүрэм

зөв бичгийн дүрэм

Тогоруу блог дээрээ зөв бичгийн дүрмээс ганц нэгийг бичсэн байсан тул би ч бас өөрийн санаж буй, ойр хавийнхан төдийгүй сэтгүүлчид алдсан харагддаг ганц нэг дүрмийг бичье гэж бодлоо.

Ы, ИЙ

Эр үгэнд Ы, эм үгэнд ИЙ залгагддаг. Гэхдээ г, ж, ш, ч, ь, и-ээр төгссөн эр үгэнд ИЙ залгагдана. (айргийг, блогийн, гавжийн, тагшийг, адуучийн, морийг, ангийн) Зарим хүмүүс бага→багийн гэж бичсэн харагддаг.
Бодвол төгсгөлийн а-г нь гээгээд, г-гээр төгсч байгаа учраас ИЙ залгагдах ёстой гэж боддог байх л даа. Бага гэдэг үг нь а-гаар төгссөн тул багын гэж бичих нь зөв юм. Харин баг гэдэг үг байсан бол багийн болно.
Бас н-ээр төгссөн үгийн хувьд тэр нь хоолойн н байдаг. (монгол бичгээр бол нг гэж үсэг байдаг даа) Ийм үгийн ард г үсэг "гарч ирээд", ИЙ болчихно (сан→сангийн, хун→хунгийн)

(Харин ёстой санах гээд чадахгүй байгаа нэг юм нь к, п-гээр төгссөн үгэнд ИЙ залгагддаг эсэх. Олимпийн, гимнастикийн, паркийг гэж бичсэн нь нүдэнд эвтэйхэн харагдаад байх юм)

ХОС ЭГШИГ

Монгол хэлэнд өй гэдэг хос эгшиг байдаггүй. Төсөөтэй, өштэй гэх мэт "эй" гэсэн хос эгшиг үүргийг нь бүрэн гүйцэтгэдэг.

УРТ ЭГШИГ

ь, и-гээр төгссөн үгний араас урт эгшгээр эхэлсэн нөхцөл дагавар залгавал ь, и нь гээгдэж, урт эгшгийн эхний үсэг нь и болж солигдоно. мориор, ангиас, шуугиан, хөхиүлэх г.м.

ГЭЭГДЭХ ЭГШИГ

Хамгийн "яршиг төвөгтэй" дүрэм дээ. Ерөнхий тохиолдолд хоёр буюу түүнээс олон үетэй үгний хамгийн эцсийн эгшиг нь богино байвал балархай эгшиг гэдэг. Тэр нь уг үгийн араас нөхцөл дагавар залгагдахад гээгддэг. Тараг→таргаар, ашиг→ашгийг, авдар→авдрын, уучил→уучлаарай, жанжин→жанжных г.м.

Дүрмээс гажих "зоригтон" харин маш олон. Үйлт нэрийн х-гийн өмнөх эгшиг гээгдэхгүй. Авахыг, ирэхээс г.м.
Мөн эгшигт долоон гийгүүлэгч, дараалж орсон заримдаг гийгүүлэгчдийн 2 дахь нь заавал эгшиг шаарддаг тул уг шаардлагад нийцүүлэн эгшгийг гээхгүй. Ангалын, урлагаас, ажсаныг г.м.

ЗАРИМДАГ ГИЙГҮҮЛЭГЧ

Гээгдэх эгшгийн дүрэмд бичсэнчлэн дараалсан заримдаг эгшгүүдийн хоёр дахь нь заавал эгшигтэй бичигдэх ёстой. Гэхдээ с, х-гийн дараах т, ч нь эгшиггүй бичигдэнэ гэсэн гажилт бас бий. Тусч, хост, мэхт, үндэстнээ г.м.

ӨГҮҮЛБЭР нь том үсгээр эхэлнэ. Мөн оноосон нэрнүүд (хүний, газар усны, улсын гэх мэт) өгүүлбэрийн дунд орсон ч үргэлж томоор бичигдэнэ. Япон гэдэг бол улсын нэр учир оноосон нэр, харин япончууд гэдэг бол оноосон нэр биш.

ГАРЧИГт цэг ордоггүй. Саяхан Ганбаагийн нэг бичлэг нь "БИДНИЙ ШҮТЭЭН." гэсэн гарчигтай харагдсан.

Ер нь тэгээд аль болох олон ном (алдаагүй л байгаасай гэж залбирангаа) уншвал дүрмийн алдаатай бичигдсэн үгнүүд нүдэнд нэг л эвгүй харагдаад эхэлнэ дээ.

Эх хэлээ сайн мэдэхгүй хүн гадаад хэл сурна гэдэг суурийг нь тавиагүй байж байшин барихтай агаар нэгэн бөлгөө.

No comments:

Post a Comment