tsag

0006

Sunday, March 30, 2014

Үндэсний хэл бичгээрээ зөв сайхан бичиж бас ярьж сурцгаая



Харь үг халгаатай, бас балагтай

МОНЦАМЭ


Yндсэн хэл бичгээ үл хайхарснаас болоод үндэстэн сөнөх, сөнөх үгүй юм гэхэд үнэ хүнд, нэр төрөө алдах аюул байдгийг манж үндэстний түүх бидэнд бэлэн сургамж болох ёстой. Манж сэхээтэн хятад хэлээр гайхуулж, хятад хоолоор тансаглах үед Монголын зүгээс энэ байдал чинь та нарт ирээдүйдээ хортой болно гэж сануулсан баримт бий. Үүнийг эс анхаарсны учир манж хэл, манж соёл үгүй болсон. Өөрийгөө манж гэсэн хүнийг чи хятадаас ямар ялгаа байна. Танай дээдүүл чинь даргалахыг донтож явсаны харгайгаар түүхэнд шарласан хуудсанд л үлдсэн биш үү гэж хэлж байхыг би сонссон билээ.


Энэ бол сөнөсөн хэлний түүхийн сургамж юм. Ийм мөхөлд хүргэдэг олон аюулын нэг  нь creole /криул/ юм. Криулийг толирхуу  юманд нутгийн аялгуу гэсэн байна билээ. Нутгийн аялгуу гэхэд бэрх. Хэлэнд криул үүснэ гэдэг нь тэр хэлний үгийн сан гадаад үгээр дүүрч үндэсний хэлний холбоосоор холбогдоно гэсэн үг. Ингэх үед гадаад үг өөрийн язгуур утгаа  алдаж  өөр  утгатай болсон байдаг юм билээ. Ринчен доктор станцын клубт танцтай гэж жишээ аваад хэл эвдэгсдийг зад шүүмжилсэн нь бий. Энэ жишээ бол нэг төрлийн криул  мөн.

Энэ бол хэлийг сөнөөх хортой үзэгдэл юм. Аливаа үйл ажиллагаа үндэсний эрх ашгийн төлөө байдаг. Том гүрнүүд бага буурай оронд тусламж үзүүлдэг. Өнгөц харвал өгөөмөр сэтгэл мэт ч цаана нь том үндэсний том  эрх ашгийн морины нүүдэл байдаг юм шүү.  Гэтэл гадаад оронтой харилцаатай байх шаардлага том оронд ч, бага оронд ч бий. Энэ үүднээс үүдээд гадаад хэл сурах судлах нь гарцаагүй зүйл. 1970-аад он гэхэд Финландын өөдтэй цалинтай сэхээтэн англи, франц, герман, швед, фин хэлээр бичих, ярих, шаардлагатай болсон байв. Олигтой нэг нь ийм л болчихсон байсан. Манайд бол англи, орос, хятад, монгол хэлээр ярих, бичихийн зэрэгцээ  герман, япон, солонгос хэлний чадвартай болох нь монгол сэхээтний сайн амьдрах шаардлага болж байна. Мөн хэдхэн жилийн дараа хинди хэл сурах шаардлага гарахаар л болсон байна лээ. Тэгэхээр бүх хүн Ринчен абугай шиг болбол хэлний мэргэжил үгүй болно гэж бодох хүн гарч мэднэ. Алба дамжуулах, мэргэжлийн ном ашиглах, маргаан багатай наймаа хийхэд хэрэглэх нэг гадаад хэлийг хоёр жилд эзэмшиж болно. Хэлний мэргэжилтэй хүн, хэлний мэдлэгтэй хүн  тэмээ, ямаа шиг ялгаатай. Гадаад хэлний мэргэжлийн хүн болно гэвэл нэг яваа нас ч хангалтгүй шахам. Сүүл сүүлдээ гадаад хэл сурах нь хурдан болох боловч хувь хүний мэрийлт чармайлт уйгагүй ажил их нөлөөтэй. Бас зарим хүн ярихдаа хурдан суравч, бичиж сурдаггүй. Энэ нь эхлээд муруй хазгай яриа сурсаны гай.  Болж өгвөл бичгийн хэл сурчхаад ярианд орвол тун сайн. Ардчиллын төлөө болж байсан цуглаанууд дээр орос хэл монгол хэлийг бөөстүүлсэн гэдэг шүүмжлэл маш хурц байсан. Чухамдаа орос үг манай хэл рүү гүйгээд ороогүй. Манай дулимаг мэдлэгтэй, дутуу сэтгэлгээтэй гадаад хэл мэддэг дүр эсгэгчид, мөн гэнэн залуус гадаад үгээр “гангалагчид” энэ үйлдлийн шалтгааныг үүсгэсэн. Өнөө үед англи үг монгол үгийг эзлэн түрэмгийлж байна. Та яагаад мэргэжлийн хүний хувьд дуугүй суугаад байна гэсэн шүүмжлэлийг би олонтаа сонссон. Гэвч гаднаас хөлжиж эх орончийн дүрээр улс төрөөр  хийрхэгсэдийн ааг савссан үед ямар ч үг, тэр тусмаа, сэтгэх, сэрэмжлэх үг хэлээд нэмэргүй болохоор чимээгүйхэн суусан билээ. Харин одоо дуугарах цаг болсон шиг байна.

Mentality ихэдвэл мэнэгших аюул бий. Mentality гэдэг үгийг утгын хувьд ухаарсан уу,  эс ухаарсан уу бүү мэд, харин “хэрэглэх” нь түгэх шинжтэй. Mentality нь латины mental /сэтгэл, ухаан/ гэсэн үгнээс үүдэлтэй. Америкийн Webster universal dictionary хэмээх толинд 1. Mental process сэтгэх явц, mental weakness, дүйнгэ, мээнэг гэсэн утгатай гэжээ. 2. Mental case /мэдрэлийн өвчин/ mental specialist мэдрэлийн эмч, mentally deficient  мэдрэлийн согогтой гэж тайлжээ. You must be a mental to drive so fast гэвэл чи ийм хурдан давхих чинь мэдрэл муутайгаас зайлахгүй гэсэн үг.

Английн Хорнбийн зохиосон Oxford advanced learner’s толины 4 дэх хэвлэлд: mentality – a. сэтгэлийн хандлага, сэтгэх арга гээд He has many years experience of the criminal mentality- тэр эр чинь ял тарих олон жилийн сэтгэхүйтэй хүн, б. A woman of mentality-яаж ч магадгүй сэтгэ-хүйтэй эмэгтэй. Mental age гэдэг үг дээр she is sixteen years old, but has a mental age of the five.  Тэр бүсгүй арван зургаан настай боловч таван настай хүүхдийн сэтгэхүйтэй гэж бууна. Cambridge international dictionary толинд: mentality: a person’s mentality is their particular way of thinking about things, especially when it is fixed гэжээ. Үүнийг орчуулбал юмс үзэгдэл, тухайлбал тогтсон юмны тухай онцгойлон бодох арга нь ямар нэгэн хүний сэтгэхүй юм гэжээ. He hopes that close links between Britain and the rest of Europe will change British mentality towards foreigners. Үүнийг орчуулбал, Британи Улс болон Европын бусад улсын шууд холбоо нь гадаад хүмүүст хандах британичуудын сэтгэхүйг өөрчлөнө гэж тэр хүн найддаг билээ гэсэн үг. Мөн толинд: mental picture сэтгэхүйд буусан дүр зураг, siege mentality гэвэл харин хүнийг дор үзэх буюу зэнзэлзэх сэтгэхүй гэсэн утгатай. Мюллерийн Англи – Орос толинд: mentality –ум, склад ума, умострение гэсэн байна. Манайхан  mentality-г энэ орос үгийн оноолтоор “ухаарсан” бололтой.

Хамгийн сүүлийн үед гарсан Collins Cobuild толинд: mentality-mind, your mentality is the particular attitude or way of thinking that you have, especially when this is fixed or habitual; often used showing disapproval. Энэ тодорхойлолтыг орчуулбал таны сэтгэхүй /сэтгэлгээ гэдэг/ нь таны зуршсан буюу дадсан бодлын өвөрмөц харьцаа юм. Эс таашаасан зүйлийг илэрхийлэхэд ихэнхдээ хэрэглэнэ гэжээ. Зуршил бол дандаа муу утгатай архины зуршил,тамхины зуршил гэх мэт. Манайхан заримдаа сайн зуршил гэж хэлж байгаа нь сонсогддог. Сайн зуршил гэхийг архинд гүнзгий орсон, тамхинд гүнзгий орсон , эсвэл эд хөрөнгө, мөнгө завшигч гэсэн утга бууна гэдгийг анхаарч аваасай.

Монгол хэлний товч тайлбар /Я.Цэвэл/ толинд сэтгэхүй нь хүний онцгой чанар болон бодох тунгаах чадвар гэжээ. Mentality бол сэтгэхүй, гаж сэтгэхүй гэвэл бүр ч ононо. Өвөр Монголд хэвлэсэн Норжин ахайн толинд: сэтгэхүй дүрс, ухааны суурь дээр задлах, хураангуйлах, магадлах, үйлчлэх зэрэг ганц хүмүүн төрөлтөнд багтдаг оюун ухааны ажиллагаа болно гэжээ. Энэ бол сэтгэц судлалын талаас өгсөн тодорхойлолт юм. Гадныхан монгол mentality гэж яриад байгаа бол цаана нь сэтгэхүйн гажигтай гэсэн утгын илэрхийлэл байгааг бүү мартаарай. Монголизм гэвэл англи хэлний зүйн үг бүтээх ёсоор авч үзвэл монголоор бахархах гэсэн үг. Гэтэл англи хэлний толинд: mongolism, a condition of mental defiency combined with a mongol-like appearance, орчуулбал монголизм монгол төрхтэй хавсарсан сэтгэхүйн гажигтай байдал гэжээ. Мөн 1974-1975 оны үед манай улсаас Монголыг доромжилсон Дауныхаа нэрээр энэ өвчнийг нэрлэнэ үү гэсэн албан бичгийг Оксфордын толины газар явуулсан боловч Английн Bath press хэвлэлийн газарт 1994 онд хэвлэсэн Hornby. Oxford advanced learner’s dictionary:  801-р хуудсанд: mongol n. /usu. offensive/ person suffering from Down’ syndrome, mongolism /usu. offensive/ - down’s syndrome гэсэн байна. Үүнийг буулгавал монгол /ихэнхдээ цээртэй/ Дауны өвчнөөр шаналсан хүн. Монголизм Дауны өвчин гэжээ. Даун бол Хонконгт удаан сууж, хятаджсан хүн бөгөөд өөрийн нээсэн өвчний нэрийг манай нэрээр нэрлэсэн хүн. Энэ нь Европт тархаад, үүний улмаас зарим европ хүн монгол хүнийг муу үзэх шалтаг болдог тал бий. Америкт энэ хандлага Европоос арай бага боловч байдаг үзэл. Энэтхэгчүүд монгализм гэж дуудаж байсан. Тэр үед би монголизм гээд дууд. Би уурлахгүй. Монголчууд бид бахархах түүхтэй. Монгол эхийн сав Дауны өвчнийг төрүүлдэг  гэсэн тайлбар уншсан. Би монгол эхээс унасан. Миний ээж, аав хоёулаа л монгол малчин гэсэн чинь монгал гэж байснаа болиод монгол гээд ярьсан. Цаашид бид уэбстэр, оксфорд мэтийн толинд тэр тодорхойлолтыг Дауны өвчин юм уу Даун гэж солилуулах талаар ажиллах ёстой. Даун бол биднийг үндэстний хувьд доромжилсон хүн билээ. Социализмын үед санаанд буухгүй олон гадаад үг хэрэглэсэн. Энэ нь үр дүн өгөөгүй. Үүнээс бид сургамж авсангүй. Энэ нь хуучнаа хэт голж, шинийг хэт шүтдэг бидний туйлшрах зантай холбоотой байж болзошгүй. Бид менежер хэмээх тушаалтныг төрийн захиргааны албанд орууллаа.

Менежмент гэх үгийг эдийн засаг, businessт /андулга/ хэрэглэж байна. Энэ тушаал эрхэлсэн хүн энэ үгээ ухаарсан уу? гэвэл хариулт нь асуултын тэмдэг шиг л байна. Монгол хэлний ма, мэ хоёр язгуур хоёулаа дутуу сэтгэх утгатай, тэр бүү хэл өвчний агуулгатай. Жишээ нь маагуу, мангуу, маншуун, мэнэг, мэнэхэр гэх мэт. Ма язгууртай үг ойлгомжтой. Мэнэг, мэнэрэх хоёрыг залуус сайн ухаарахгүй байж магадгүй.

Мэнэг дайрах /мэдрэлгүй болох/ шилжсэн утгаар нь мэнэг нь ухваргүй, тэнэг гэсэн үг. Толгой мэнэрэх гэвэл толгой дүйрэх, мэнэрч хоцорлоо гэвэл аль ч учрыг олохгүй хоцорлоо гэсэн үг. Manager, менежер хоёр монгол хүний сэтгэхүйд ухааны сааралтай гэсэн санааг өгнө. Хэдийгээр тэгж ойлгоно гэсэн тайлбар хийлээ ч ма, мэ язгуур нь ухаан дутуу санааг эзэндээ өгнө. Менежерийг мэнэгжэр, manager-ийг маанаажер гэж шоолсон яриа ч бий. To manage нь найман утгатай ч амжуулах, зай завыг олох гэж буулгаж болно. Үгийн хамгийн зөв хэрэглээний утга нь зохируулал, зохируулах, зохируулагч гэвэл болно. Жишээ нь  Улаанбаатар хотын ерөнхий зохируулагч гэвэл хотын аливаа ажлыг доголдолгүй явуулдаг хүн гэж хэн ч ойлгоно. Албан газрын зохируулалыг хувьчилна гэвэл тэр албан газрын ажил доголдолгүй, осол эндэлгүй үйл ажиллагаа  гэж хэн ч ойлгоно. Доголдолгүй, осолгүй ажиллагаа үр дүнтэй болох нь ойлгомжтой. To manage-зохируулах, manager–зохируулагч, management–ийг зохируулал гэж буулгавал жирийн иргэд ямар ч саадгүй ухаарна.

МУИС-ийн багш доктор, дэд профессор Н.Доржготов          

                                                    gogo.mn

No comments:

Post a Comment